МонголEnglish中文
Бат бэх нөхөрлөлөө илэрхийлж хонины хариуд цай илгээв--БНХАУ-ын Хубэй муж болон ӨМӨЗО Монгол Улсад эмнэлгийн болон амьдралын хэрэгсэл хандивлалаа
2020/12/31

Ковид-19 цар тахал дэгдэхэд Хятад, Монгол хоёр улс харилцан туслалцаж, халдвар тархалтын эсрэг хамтдаа тэмцэж хөрш орнуудын хамтын ажиллагааны бахархууштай шинэ түүхийг бичлээ. Энэхүү хамтын ажиллагаа нь Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд буйг илтгэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хятад улсад цар тахлын хамгийн хүнд үед айлчлал хийн Хятадын ард түмний цар тахлын эсрэг тэмцлийг дэмжиж буйгаа илэрхийлсэн бөгөөд Монголын ард түмнийг төлөөлөн гучин мянган хонь хандивласан. Энэ үйл явдал хоёр улсын найрамдлын сайхан түүх болон бичигджээ.

Хятадад Монголын талаас хонь хандивласан үйл явдал олны анхаарлыг татан иргэд дунд шимтэн ярих сэдэв болсон юм. Монголын тал уг хандивыг цар тахалтай эрэлхэгээр тэмцэж буй Хубэй мужийн иргэд болон Ухань хотын иргэдэд зориулан хандивлаж буйг илэрхийлсэн билээ. Хятадын бүх ард түмний дэмжлэгээр уг хандив 11-р сарын сүүлчээр Хубэй мужид бүрэн хүргэгдсэн. Хубэй муж дахь ХКН-ын хороо, мужийн Засаг захиргааны шийдвэрийн дагуу уг үнэт хандивыг цар тахалтай тэмцэхэд чухал хувь нэмрээ оруулсан тэргүүн шугаманд ажилласан эмнэлгийн ажилчид, тус мужид ажиллахаар очсон бусад мужуудын эмнэлгийн мэргэжилтнүүдийн баг, цар тахалтай тэмцэх албан үүргээ гүйцэтгэх явцад амь эрсэдсэн ажилчидын ар гэрийнхэнд хүргэгдсэн. Сүүлийн үеийн байдлаар, Монголоос хандивласан уг хандивыг Хубэй муж болон бусад муж, хотуудад хуваарилан бүрэн тараагдаж дуусаад байна.

Монголын ард түмнээс өгсөн уг найрамдлын хандивт талархлаа илэрхийлж мөн Монголын цар тахлын тэмцлийг дэмжихээр Хубэй мужийн зүгээс саяхан Монголын талд коронавирусын PCR оношилгооны төхөөрөмж, гучин мянган ширхэг оношлуур, Хубэй мужийн алдарт Чинжуан цай, хар цайг, мөн Өвөр Монголын Өөртөө Засах Орны зүгээс өмнөх хандиваас гадна Рибонуклейны хүчил (RNA-Ribonucleic Acid) ялгах төхөөрөмж зэрэг эмчилгээ, оношлогоонд хэрэглэх эд материалын хандивыг илгээлээ.

Хубэй мужаас энэ удаад хандивласан нуклейн хүчлийн шинжилгээний бодис болон дагалдах хэрэгсэл нь Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын яаралтай тусламжийн зориулалтаар хэрэглэх бүтээгдэхүүний жагсаалтад орсон бөгөөд дэлхийн 180 гаруй улс орон, бүс нутагт экспортолсон бүтээгдэхүүн юм. Эдгээр тусламжийн бүтээгдэхүүн 12-р сарын 14-нд Эрээн хотын боомтод хүрч, ачааг буулгаж ачих, тээвэрлэх, түр хадгалах, гаалийн бүрдүүлэлт, хорио цээрийн хяналт шалгалт зэрэг бүх шат дамжлагыг нэг хоногийн дотор гүйцэтгэж, хоёр улсын хилийн “Тэг километр” бүсэд ариутгал хийгдсэнээр Улаанбаатарт 12-р сарын 16-нд хүргэгдсэн.

Хубэй мужийн онцлогийг илтгэсэн Чинжуан цай, Цайхуа хар цай бол Монголын ард түмний сүүтэй цайны түүхий эд юм. Үүнээс “Чуань” хэмээх үсэг бүхий Чинжуан цай бол түүхэнд алдартай “Чуань” цайны өв залгамжлагдан ирсэн цай, харин Цайхуа хар цай бол Хятадын уламжлалт экспортын гурван хар цайны нэг юм. Эдгээр цайны навчийг маш нарийн технологиор бэлтгэж хатуу хяналт, шалгалтаар үйлдвэрлэдэг бөгөөд Хубэй мужийн иргэдийн чин сэтгэлт, сайхан ерөөлийг тээж буйгаараа онцлогтой. 12-р сарын 23-нд Хубэй мужийн Ардын засгийн газраас Монгол улсад хандивласан 7000 ширхэг “И хар цай”, “Чан Шэн Чуан хар цай” болон 30 мянган ширхэг “Чы Бы хар цай”-г тээвэрлэсэн машин Хубэй мужаас хөдөлсөн. Энэ хандив “Тэг бүрдүүлэлт” бүхий ногоон гарцаар Монголын хилээр нэвтэрч малчдад тараагдах болно.

Монголын ард түмний бэлэглэсэн хонины хариуд бид цай илгээж бат бэх нөхөрлөлөө илэрхийлж байна. Гүн гүнзгий найрамдалтай Хятад, Монгол хоёр улсын ард түмэн хамтдаа цар тахлыг давж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй шинэ шатанд ахина гэдэгт бид итгэлтэй байдаг.

Suggest To A Friend:   
Print