МонголEnglish中文
Элчин сайд Цай Вэньруй МОНЦАМЭ агентлагт ярилцлага өглөө
2020/03/05

Элчин сайд Цай Вэньруй 2-р сарын 18-нд Монгол Улсын үндэсний мэдээллийн төв “Монголын цахилгаан мэдээ” агентлагт Хятад, Монголын харилцааны талаар санал, бодлоо хуваалцаж, Хятад улс шинэ төрлийн коронавирусийн халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж ярилцлага өглөө. Ярилцлагыг бүрэн эхээр хүргэж байна.

1. Та Монгол Улсад ирээд удаагийн байгаа ч Элчин сайдын яаманд олон жил ажилласан арвин туршлагатай. Тиймээс хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хэрхэн хөгжүүлэх талаар өөрийн бодлоосоо яривал?

- Хятад, Монгол хоёр улс нь хаяа залгасан бие биедээ чухал хөршүүд мөн Иж бүрэн стратегийн түншлэлтэй орон. Эдүгээ хоёр улсын харилцаа хурдац хөгжлийн замдаа орж бүх салбарын харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж байна. Өнгөрсөн жил Хятад, Монголын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулж талууд олон арга хэмжээ зохион байгуулсан. Үүгээр дамжуулж хоёр улсын харилцааг шинэ түвшинд ахиулж хөгжлийн шинэ замын эхлэлээ тавьсан. Монгол Улстай холбоотой ажил хийгээд би 30 гаруй жил болж байна. Энэ хугацаанд хоёр улсын харилцаанд гарсан олон амжилтыг өөрийн нүдээр харж, мэдэрсэндээ ихэд баяртай байдаг бөгөөд үүнийгээ ихэд нандигнадаг. Хоёр улсын харилцааны хөгжил өндөр түвшинд хөгжиж буй цаг үед Монгол Улсад Элчин сайдаар томилогдсон минь нэр төрийн хэрэг бөгөөд өндөр хариуцлагыг мэдэрч байна. Хятад, Монголын уламжлалт найрамдлыг залгамжлуулж, хоёр улсын харилцааг тасралтгүй шинэ шатанд гаргахаар миний бие, БНХАУ-ын ЭСЯ –ны нийт дипломатчид үргэлжлүүлэн хичээн ажиллаж, идэвхтэй урагш тэмүүлэх болно.

Үүний тулд гурван чиглэлийг баримталж ажиллана.

Нэгдүгээрт, өндөр түвшний харилцааны чиг хандлагыг хадгалж улс төрийн харилцан итгэлцлээ тасралтгүй бэхжүүлэх. Тодруулбал, хоёр улсын удирдагч нарын хүрсэн тохиролцоог үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хоёр улсын Засгийн газар, парламент, улс төрийн намын удирдлага нарын харилцан айлчлалыг зохион байгуулан улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны тогтвортой , урт хугацааны хөгжил рүү чиглүүлэх.

Хоёрдугаарт, одоогийн байгаа харилцааны механизм, талбараа сайтар ашиглаж талуудыг худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны агуулгыг баяжуулах. Хоёр улсын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс, Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл, Хятад-Монголын экспо зэрэг хамтын ажиллагааны механизмуудыг сайн ажиллуулж, Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болон ЧХХ-ийн ТЭЗҮ-ний үр дүнг аль болох хурдан гаргах хэрэгтэй. “Нэг бүс нэг зам” санаачилга, Монголын хөгжлийн стратегийн уялдааг бэхжүүлэн Хятад, Монголын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд хүч сэлбэх хэрэгтэй. Үүний зэрэг Хятадын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх төсөл, гэр хорооллын дахин төлөвлөлт болон цэцэрлэг, сургуулийн барилгын бүтээн байгуулалт зэрэг ард иргэдэд шууд чиглэсэн төслүүдийн хэрэгжилтэд үргэлжлүүлэн түлхэц өгч Монголын ард түмэнд ашиг тусыг хүргэх.

Гуравдугаарт, Хоёр улсын хүмүүнлэгийн солилцооны хамтын ажиллагааг эрчимжүүлэн хоёр орны ард түмний найрсаг харилцааг бэхжүүлэх. Хоёр улсын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн механизмыг бэхжүүлэн хүмүүнлэгийн солилцооны хамтын ажиллагаа болон иргэдийн харилцан зорчих хөдөлгөөний хандлагыг хадгалж үүгээр хоёр улсын соёл, боловсрол, эрүүл мэнд, спорт, залуучуудын харилцаа, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагааны илүү том гүүрийг байгуулах.

Хятадад шинэ төрлийн коронавирусын уушгины хатгалгаа дэгдсэн энэ онцгой цаг үед Монгол Улсын Засгийн газар, Монголын ард түмэн Хятадад тусламж үзүүлж буй нь хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа өндөр түвшинд хөгжсөнийг илтгэж байна. Мөн хоёр орны ард түмний бат бөх найрамдал, нөхөрлөлийг харуулж байна. Энэ завшаанаар Монголын талд дахин талархлаа илэрхийлье.

2. Монгол, Хятадын худалдааны эргэлт 8 тэрбум ам.долларыг давлаа. Худалдаа эргэлтээ нэмэгдүүлэхийн тулд та ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

- Хятад, Монгол хоёр улс харилцан нөхөлцөх давуу талтай. Хятад том зах зээлтэй, худалдаа хөгжүүлэх өргөн бололцоотой. Хятадын тал Монголын талтай худалдаагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг. Монголын талын нүүрс, хөдөө, мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх эрмэлзэлд чухал ач холбогдол өгдөг. Үүнтэй холбогдуулж Монголын талын эрх ашгийг илүү харгалзах үүднээс олон тусгайлсан арга хэмжээ авч хэрэгжүүлсэн. Дараагийн алхамд Хятадын тал дээр одоогийн механизмуудыг сайн хэрэгжүүлж Эрээн-Замын-Үүдийн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс болон ЧХХ-ийн ТЭЗҮ-ний ахицад эрчимтэй түлхэц өгч хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх илүү өргөн орон зайг нээх болно. Сүүлийн жилүүдэд Монгол Улс коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс хоёр орны иргэд, бараа нэвтрүүлдэг боомтыг үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоосон нь хоёр орны худалдааны эргэлтэд сөргөөр нөлөөлж байна. Хятадад тархсан халдварын нөхцөл байдал одоо сайжрах хандлагатай болсон. Монголын талыг боомтын үйл ажиллагаанд авч хэрэгжүүлж буй арга хэмжээгээ аль болох даруй зөөлрүүлэхийг хүсэж байна. Ингэснээр хоёр орны худалдаа, эдийн засгийн эргэлтийн алдагдлыг багасгаж, энэ онд төлөвлөсөн худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.доллар зорилтын биелүүлэлтийг хангах болно.

3. Хятад-Монгол-Орос гурван улс одоо хэрэгжүүлж буй эдийн засгийн коридор байгуулах төслийн бүтээн байгуулалтын явц хэр байна вэ?

-Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридор бол “Нэг бүс нэг зам” санаачилгын чухал бүрэлдэхүүн хэсэг. Уг санаачилга нь дэд бүтцийн харилцаа холбоог гол зам болгож үүний дагуух улс орнуудын бодлогын харилцан уялдаа, хөгжлийн стратегийн уялдааг бэхжүүлэн олон улсын хамтын ажиллагааг дэмжиж, хамтын хөгжлийг биелүүлэх явдал юм. Одоогоор Монгол Улс болон нийт 150 гаруй орон, олон улсын байгууллага “Нэг бүс нэг зам” санаачилгад нэгдсэн. Үүний үр дүнд Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор, “ 6 коридор, 6 зам, олон улс, олон боомт” олон улсын хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, Хятад-Европыг холбох галт тэрэг, “Хуурай газар ба тэнгисийн шинэ суваг” зэрэг бүтээн байгуулалтууд илт ахицтай байна. “Нэг бүс нэг зам” санаачилгын хамтын ажиллагаанд үр дүнд санаачилга дагуух орнуудад нийт 240 мянган ажлын байр бүрдүүлж, 2 гаруй тэрбум ам.долларын татварын орлого төвлөрүүлээд байна.

Хятад-Монгол-Орос гурван улс нь хил залгаа хөрш орнууд, харилцан стратегийн түншүүд. Гурван улс төрийн тэргүүн нарын болон дэд сайдын түвшний зөвлөлдөх уулзалтын зэрэг механизмтай бөгөөд хамтын ажиллагаа хөгжүүлэхэд байгалиас өгөгдсөн давуу тал, таатай суурьтай, хамтын ажиллагааны асар их нөөц бололцоотой. Гурван улс мөн “Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг байгуулах хөтөлбөр ”-т гарын үсэг зурсан бөгөөд хөтөлбөрт 10 гаруй чухал салбар багтсан. Уг хөтөлбөрийн хэрэгжилт нь гурван улсын стратегийн уялдааг бэхжүүлж хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чухал талбар болох ач холбогдолтой юм. Одоо Эдийн засгийн коридорийн бүтээн байгуулалт бодит хэрэгжилтийн үе шатандаа байна. Талууд өнөөгийн бүрдүүлсэн төрийн тэргүүн нарын болон дэд сайдын түвшний зөвлөлдөх уулзалтын механизмыг үргэлжлүүлэн сайтар ажиллуулна гэдэгт итгэлтэй байна. Мөн дээрх хөтөлбөрийн хүрээнд салбар бүрийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлж дэд бүтцийн харилцааны бүтээн байгуулалтаа урагшлуулж харилцан ашигтай хамтын ажиллагаа, хамтын хөгжлийн зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

4.Та Монголд ирээд ГХ-ны сайд болон БХ-ын сайдтай уулзсанаас гадна зэрэг хэд хэдэн уулзалт хийсэн. Монголын тал хоёр орны хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн Монголын талын хэрэгжилт болон шийдвэрлэх хэрэгтэй байгаа асуудлуудыг танилцуулсан байх. Та ямар асуудлуудыг илүү анхаарч байна вэ? Тэдгээрийг хэрхэн шийдвэрлэх вэ?

- Ажлаа хүлээж авсныхаа дараа би Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж УИХ-ын дарга, ГХ-ны сайд, БХ-ын сайд мөн ЭМ-ийн сайд нар болон Монгол Улсын Засгийн газрын олон байгууллагын удирдлага нартай уулзалт хийж хоёр орны харилцааг хөгжүүлэх асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо солилцлоо. Эдгээр уулзалтын үеэр талууд Хятад, Монголын харилцаа түүхийн хамгийн таатай үедээ байгаа бөгөөд салбар бүрийн харилцаа хамтын ажиллагаа ихээхэн амжилтад хүрсэн, цаашид илүү өргөн боломж байгаад санал нэгдсэн. Монгол Улсын ГХ-ны сайд мөн Хятад, Монголын харилцаа нь хөрш орнуудын харилцаанд үлгэр жишээ болж байгаа гэж дүгнэсэн. Үүнд би бүрэн санал нийлж байгаа. Талууд мөн цаашид өндөр, дээд түвшний харилцааг үргэлжлүүлэн бэхжүүлж худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг идэвхжүүлэх хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн байгаа. Бас нэг зүйл бол талууд шинэ төрлийн коронавирусын уушгины хатгалгааны халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгах тал дээр голчлон санал солилцлоо. Хятадын тал холбогдох урьдчилан сэргийлэх ажлуудад Монголын талтай харилцаа, хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна. Талуудын хамтын хичээл зүтгэлээр бид халдвар тархалтыг хурдан дарж чадна гэдэгт итгэлтэй байгаа.

5. Монгол, Хятад хоёр орон бол мөнхийн хөршүүд. Хятад улс хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж байна. Таны бодлоор Хятад улсын хөгжлийн гол нууц нь юу вэ?

- Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш 70 жилд, ялангуяа нээлттэй бодлого хэрэгжиж эхэлснээс хойш, Хятадын үндэсний эдийн засаг хурдтай өссөөр дэлхийн хоёр дахь том эдийн засаг, дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч орон, дэлхийн хамгийн том худалдааны орон болж, ард иргэдийн амьжиргааны түвшин мэдэгдэхүйц сайжирсан нь дараах хэдэн шалтгаантай. Үүнд:

Нэгдүгээрт, ХКН-ын удирдлагаар Хятад онцлогтой социалист нийгмийн замналаар явж, социалист нийгмийн тогтолцооны давуу шинжийг дэлгэрүүлсэн. ХКН хэзээд цаг үеийн байдлыг ойлгон, ямагт цаг үеэс түрүүлж алхан, түүхийн жимээр урагшилж, цаг үеийн хөгжлийн урсгалыг даган хөгжсөөр байна. Хятад онцлогтой социалист нийгмийн тогтолцоо биднийг хүчээ нэгтгэн эдийн засгаа хөгжүүлж, шинжлэх ухаанч, өндөр үр бүтээлтэй бодлогуудыг хэрэгжүүлж чаддагийг нотолно. Хятад улсад КН-ын зөв удирдлага, социалист нийгмийн тогтолцооны нийтийн хүч бий. Энэ бол бидний амжилтад хүрэх гол түлхүүр юм.

Хоёрдугаарт, социалист зах зээлийн эдийн засгийг шинэчлэх чиглэл болон гадаадад нээлттэй төрийн үндсэн бодлого баримталдаг. Социалист зах зээлийн эдийн засгийг шинэчлэх чиглэлийг баримтлах гэдэг нь эдийн засгийн хөгжлийн “Гол түлхүүр”(“关键一招”)-ийг хэрэгжүүлэхийг хэлнэ. Шинэ Хятад улс байгуулагдсанаас хойш 70 жилийн хугацаанд, Хятадын эдийн засгийн тогтолцоо төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас социалист зах зээлийн эдийн засагт шилжсэн. Баялгийн хуваарилалтад зах зээлийн нөлөө ихэссээр байна. Үйлдвэрлэлийн хүчин зүйл, хуваарилалтын үр ашиг тасралтгүй нэмэгдсэнээр манай улсын эдийн засгийн хөгжлийг хөдөлгөөнд оруулж, зах зээлийн тоглогчдыг идэвхжүүлж өгдөг. Гадаадад нээлттэй бодлогыг баримталснаар Хятад улс олон улсын дэвшилтэт удирдлагын туршлагаас суралцан, шинжлэх ухааны технологи, хөрөнгийг ашиглан, гадаад, дотоодын хоёр зах зээл, хоёр баялгийг ашиглан дотоодын хөрөнгө болон технологийн дутагдлыг нөхөж, харьцангуй давуу байдлыг дэлгэрүүлж, үндэсний аж үйлдвэржилтийг урагшлуулсан.

Гуравдугаарт, ард түмнээ түшиглэх. Ард иргэдийн хөдөлмөрийн идэвхийг нэмэгдүүлэх. Хятад улс социалист зах зээлийн эдийн засгийн тогтолцоог байгуулан, сайжруулж, эдийн засгийн хурдтай өсөлтийг бий болгох үйл явц инновацитай салшгүй холбоотой. Хятад улс ард иргэдийнхээ санаачилгыг ямагт хүндэтгэн, олны хүчээр томоохон бүтээлүүдийг үүсгэн, нэг тэрбум дөрвөн сая хүний мэдлэгийг цуглуулан, ард иргэдийн идэвх зүтгэлийг дайчилснаар өнөөдрийн эдийн засгийн хөгжилд хүрсэн.

6. Хятадад үүссэн шинэ төрлийн коронавирусээр олон хүн амь насаа алдаад байна. Хятадын Засгийн газар өвчний тархалтыг хязгаарлах болон эмчилгээний тал дээр ямар ямар ажлууд хийгээд байна вэ?

- Өдгөө Хятадын ард түмэн халдварт өвчний эсрэг хатуу тэмцэж байна. Ши Жиньпин дарга биечлэн удирдан зохион байгуулж, Ерөнхий сайд Ли Көчян өвчний тархалттай тэмцэх Төв ажлын хэсгийг удирдан бүх талын ажлыг зохион байгуулж, улс орон даяар тархалттай тэмцэх нэгдсэн системийг шуурхай байгуулан хамгийн цогц, хамгийн хатуу арга хэмжээг аван ажиллаж байна. Бидний авч хэрэгжүүлж байгаа олон арга хэмжээ Олон улсын эрүүл мэндийн дүрэм, шаардлага болон Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын санал зөвлөгөөнөөс хавь илүү давсан. Өвчний тархалтын нөхцөл ээдрээтэй байгаа ч урьдчилан сэргийлэх ажил тасралтгүй ахисаар байна. Одоогийн байдлаар, Ухань хотоос гадна бусад газарт бүртгэгдэж буй өвчний тохиолдол буурч, эдгэрч байгаа хүний тоо тасралтгүй өссөөр байна. Энэ бүхэн Хятад улсын авч хэрэгжүүлсэн шийдэмгий арга зөв, үр дүнтэй байсныг харуулж байна. Нөхцөл байдал сайн тал руугаа эргэнэ гэдэгт итгэлтэй байна. Энэхүү халдварт өвчин Хятад улсад болон дэлхий нийтэд хүнд сорилтыг авчирлаа. Ши Жиньпин даргын удирдлага дор Хятадын Засгийн газар, ард түмэн энэхүү хүнд үеийг туулж байна. Бид өөрсдийн хүчин чармайлт, тэр ч байтугай амь биеэ золиослон олон улсын хүндэтгэл болон итгэлийг олж авсан. Хятад улсад Ши Жиньпин даргаар төв болгосон ХКН-ын нэгдмэл удирдлага, Хятад онцлогтой социалист нийгмийн нийтийн хүчээр урагшилдаг давуу тал, бүх ард түмний эв нэгдэл, эр зориг бий. Тиймээс бидэнд өвчнийг ялан дийлэх итгэл, чадвар, баялаг бий.

Хятад улс бол хариуцлагатай орон.Хятадын Засгийн газар өвчний тархалт үүссэн цагаас эхлэн нөхцөл байдалд нээлттэй, ил тод, үүрэг хариуцлагатайгаар хандаж, дотоод гадаадад тархалтын талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэж ирлээ. Мөн ДЭМБ-д өвчний тархалттай холбоотой нөхцөл байдлыг хамгийн түрүүнд мэдэгдэж, вирусийн генийн дарааллын талаарх мэдээллийг ДЭМБ болон бусад улс оронтой цаг тухайд нь, санаачилгатайгаар хуваалцаж, талуудын анхаарч буй асуудалд идэвхтэй хариу өгч, олон улстай хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар Хятадаас бусад оронд гарсан тархалтын нөхцөл байдал харьцангуй хөнгөн буюу нийт халдварын нэг хувийг эзэлж байна. Мөн Монгол улсад халдварын тохиолдол гараагүй байгаад баяртай байна. Хятадын тал халдварт өвчнийг бусад оронд тархахаас урьдчилан сэргийлэхэд маш их хичээл зүтгэл гаргаж байна. “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж үг бий. Монгол улс бидэнд сэтгэлийн дэмжлэг, туслалцаа үзүүлсэнд Хятадын тал маш их сэтгэл хөдөлж байна. Хятад улс халдварт өвчинтэй тэмцэх хугацаанд, Монгол улс болон дэлхийн улс орнуудтай найрамдал, итгэлээ улам илүү гүнзгийрүүллээ.

7. Улс орны харилцаа ард түмний найрамдлаас эхтэй гэдэг. Таны бодлоор хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхийн тулд ямар зүйлүүд дээр анхаарах нь зүйтэй вэ?

- Ард иргэдийн харилцан ойлголцол, итгэл, найрамдлыг нэмэгдүүлэх нь хоёр орны харилцааны урт удаан тогтвортой хөгжилд чухал ач холбогдолтой.

(Нэг.) Хятад, Монголын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн тогтолцоог ашиглах. Энэ онд Хятад, Монголын Хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөлийн гуравдугаар хурал Монгол улсад зохион байгуулагдана. Энэхүү хурал Хятад, Монгол хоёр орны хүмүүнлэгийн солилцоог урагшлуулж, хоёр орны ард иргэдийн найрамдлыг нэмэгдүүлэхэд идэвхтэй нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

(Хоёр.) Хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцох боломжуудыг нэмэгдүүлэх. Хоёр улсын уран зохиол, дэлгэцийн бүтээлүүдийг харилцан орчуулах, оюутан солилцоог нэмэгдүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хэвлэл мэдээллийн хэрэгслийн хоёр орны ард иргэдэд нөлөөлөх чадварыг нэмэгдүүлэх.

(Гурав.) Иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн болон аялал жуулчлалын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх. Сүүлийн жилүүдэд, хоёр орны иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн нэмэгдэж, давхардсан тоогоор хоёр саяд хүрсэн. Үүнээс, Хятадад зорчсон Монгол иргэд давхардсан тоогоор нэг сая найман зуун мянга, Монгол улс руу зорчсон Хятад иргэд давхардсан тоогоор зөвхөн 200 мянгад хүрч байна. Хятад иргэдийн гадаад дахь аялал тухайн орны эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлдэг. Хятад улс Монгол улсаас Хятад руу зорчих иргэдийн визний асуудлыг хөнгөвчлөх бодлого баримталдаг. Бараг Монголын бүх иргэн визгүй зорчиж байна. Гэтэл Хятад иргэд Монгол руу зорчих үедээ визний олон олон материал бүрдүүлэх шаардлагатай болдог. Үнэхээр тэгш бус. Энэ байдал Монгол улс руу зорчих Хятад иргэдийн тоо цөөхөн, ялангуяа жуулчдын тоо цөөхөн байгаагийн гол шалтгаан юм. Монголын тал Монгол улсыг зорих Хятад иргэдийн визний асуудал дээр илүү хөнгөвчилсөн бодлого баримталж, илүү олон Хятад жуулчид Монголд аялж, худалдаа хийх боломж олгоно гэдэгт найдаж байна. Ингэснээр Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх нь эргэлзээгүй.

8. Хятадын Засгийн газраас Монголын оюутнуудад олгодог тэтгэлэг, жил бүр 50 сэтгүүлч Хятадад айлчлах зэрэг хөтөлбөрүүд хоёр орны ард иргэдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой. Иймэрхүү хөтөлбөр цаашид ч мөн хэрэгжих үү?

- Хүмүүнлэгийн солилцоо бол Хятад, Монгол хоёр орны харилцааны чухал хэсэг. Урт хугацааны турш Хятадын тал Монголын талд Засгийн газрын олон тооны тэтгэлэг олгосоор ирсэн. 2004 оноос эхлэн тэтгэлэг олгох хүний тоо 220 болж өссөн. Ши Жиньпин дарга Монгол улсад амжилттай айлчлал хийн, талууд Хятад, Монголын хүмүүнлэгийн солилцооны багц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тохиролцсон. Үүний дотор, Хятадын Засгийн газрын тэтгэлэг болон сэтгүүлчийн Хятад дахь айлчлалын хөтөлбөр багтаж байгаа. Энэхүү хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш таван жилийн хугацаанд их амжилтад хүрсэн. Монголын чадварлаг суралцагсад Хятад улсад очиж суралцах боломжтой болж, Хятад, Монголын харилцаа, хамтын ажиллагаа болон Монголын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал нөлөө үзүүлсэн. Одоогийн байдлаар, зарим зохих хөтөлбөрүүд хэрэгжиж дууссан. Талууд ажлын төлөвлөгөөний дараагийн алхмын талаар санал солилцож байгаа. Хятадын тал хоёр талын солилцоо, хамтын ажиллагааны давтамжийг хадгалах, олон төрлийн хүмүүнлэгийн солилцооны үйл ажиллагааг урагшлуулах, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны агуулгыг тасралтгүй баяжуулахын төлөө Монголын талтай хамтран ажиллахад бэлэн байна.

9. Таны 1986 онд анх удаа Монгол улсад томилогдон ирэх үеийн Монголын ард түмний талаарх сэтгэгдэл одоогийнхоос юугаар өөр байна вэ?

- 1986 онд анх удаа Монгол Улсад томилогдон ирэхдээ Монгол орны үзэсгэлэнт байгаль, цэвэр цэмцгэр орчин, найрсаг ард түмэнд татагдаж байлаа. Анх Монголд ирэх үедээ олон олон Монгол иргэдийн найрсаг тусламжийг авч, сэтгэлд маш дулаан санагдаж байсан. Одоо Монгол Улсыг харахад, энэ жилүүдийн хөгжил дэвшлийн хурд гайхмаар, ялангуяа, нийслэл Улаанбаатар хот олон улсын шинжтэй хот шиг хөгжин, хаа сайгүй томоохон худалдааны төв, кино театрууд сүндэрлэж, нааш цааш холхилдох өргөн гудамжнууд бий болжээ. Энэ бол Монгол хүний ​​шаргуу хөдөлмөр, мэргэн ухааны үр дүн юм.

10. Таны бодлоор, Хятад дахь Монгол судлал хэрхэн хөгжиж байна вэ? Хятад улс Монгол судлалын мэргэжилтнүүдээ хэрхэн бэлтгэж байгаа вэ?

- Хятад, Монгол хоёр орны найрамдалт харилцааны хөгжлийг дагаад илүү олон Хятад хүмүүс Монгол судлалын хөгжлийг сонирхох болсон. Монгол хэл дээрх “Жангар” тууж, “Усны тунгалаг Тамирын гол”, Д.Нацагдорж, Ц.Дамдинсүрэн зэрэг Монголын уран зохиолуудын мастеруудын шилдэг бүтээлүүдийг Хятад хэл дээр орчуулан гаргасныг Хятадын олон хүмүүс шимтэн уншдаг. Монгол хэл, уран зохиол мэргэжлийг улам сонирхож, энэхүү мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиуд олширсоор байна. Бээжингийн Их сургууль 1949 оноос Монгол хэлний мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Үүнээс гадна, Бээжингийн Гадаад Хэлний Их сургууль, Өвөр Монголын Их сургууль, Жилиний Гадаад Хэлний сургууль зэрэг сургуулиуд Монгол хэлний болон Монгол судлалын мэргэжилтнүүдийг бэлтгэж байна.

Хятад дахь Монгол судлал мөн шинэ хөгжилд хүрч, Хятад дахь Монгол судлалын нийгэмлэг, Хятадын Орчин үеийн олон улсын харилцааны судалгааны хүрээлэн, Хятадын Нийгмийн шинжлэх ухааны академи, Бээжингийн Их сургуулийн Монгол судлалын төв, Өвөр Монголын Их сургууль, Өвөр Монголын Нийгмийн шинжлэх ухааны академи зэрэг байгууллагууд Монгол судлалын ажил явуулж, дэлхийн Монгол судлалд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.

Suggest To A Friend:   
Print