Дэлхийн худалдааны байгууллагын шинэчлэлийн талаарх БНХАУ-ын байр суурийн баримт бичиг

2018-11-27 16:00

Эдийн засгийн глобалчлал болон чөлөөт худалдааны үндэс суурь бол Дэлхийн худалдааны байгууллагыг (ДХБ) гол цөм, дүрэм журмыг үндсэн сууриа болгосон олон талт худалдааны тогтолцоо. Энэхүү тогтолцоо нь дэлхийн худалдааны хөгжил, эдийн засгийн өсөлт болон тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулсан. Хятад Улс ДХБ-д элссэнээс хойш олон талт худалдааны тогтолцоог ямагт тууштай дэмжиж, худалдааг хамгаалах үзлийг илт эсэргүүцэж, ДХБ-ын дэлхийн эдийн засгийн засаглалд үзүүлэх нөлөөг нэмэгдүүлэхэд түлхэц болсоор байна.

Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал гүн зохицуулалт хийгдэгж, худалдааны нэг талыг баримталсан үзэл болон хамгаалах үзэл хүчээ авч, олон талт худалдааны тогтолцоо хүчтэй цохилтод өртөж буй нөхцөл байдалд Хятадын тал ДХБ-д зайлшгүй шинэчлэл хийж, үйл ажиллагааны бүрэн эрх, үр дүнг бэхжүүлэн сайжруулж дэлхийн нээлттэй эдийн засгийн бүтээн байгуулалтад түлхэц өгөн хүн төрөлхтний хувь заяаны нэгдлийг бүтээхийг дэмжиж байна.

Үүнд Хятадын тал ДХБ-ын шинэчлэлийн тухай гурван суурь зарчим ба таван саналыг дэвшүүлж байна.

Гурван суурь зарчимд:

Нэгдүгээрт, ДХБ-ын шинэчлэл нь олон талт худалдааны тогтолцооны гол үнэ цэнийг хамгаалах нь зүйтэй. Үл ялгаварлах, нээлттэй байх бол ДХБ-ын хамгийн чухал суурь чанар гэж Хятадын тал үздэг. Энэхүү чанар бол ДХБ-ын гишүүн орнууд олон талт дүрэм журмын хүрээнд бусад гишүүн орнуудтай худалдаа, эдийн засгийн харилцаагаа зохицуулахад эрхэмлэх зүйл. Үл ялгаварлах гэдэгт ДХБ-ын Үндэсний нэн тааламжтай тарифын нөхцөл (Most favored nationtreatment) болон Үндэсний харьцааны зарчмыг (National treatment principle) хамрах бөгөөд гол утга нь аливаа нэг гишүүн орон импорт, экспортын тал дээр бусад тодорхой аль нэг гишүүн оронд ялгаварласан арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байх юм. Харин нээлттэй байх гэдэг нь тарифын хязгаарлалт болон хориглосон хэмжээний хязгаарлалтын тухай хамрах бөгөөд гол утга нь аливаа нэг гишүүн орон дур мэдэн импортын тарифыг хязгаарласан хэмжээнээс хэтрүүлэн тогтоож болохгүй, тодорхой аль нэг гишүүн орны бүтээгдэхүүнд хэмжээний хязгаарлалт тогтоохгүй байх юм. Шинэчлэл нь олон талт худалдааны тогтолцооны дүрмийн суурийг хамгаалж, олон улсын худалдаанд тогтвортой, урьдчилан харж болохуйц өрсөлдөөний орчинг бий болгож өгөх хэрэгтэй.

Хоёрдугаарт, ДХБ-ын шинэчлэл нь хөгжиж буй гишүүн орнуудын хөгжлийн ашгийг хамгаалах нь зүйтэй. Хөгжил бол ДХБ-ын үйл ажиллагааны гол цөм. Хөгжиж буй гишүүн орон онцгой болон ялгаатай тарифыг эдлэх боломжтой гэж ДХБ-д тодорхой заасан. Үүнд хөгжингүй орноос илүү жижиг зах зээлийн нээлттэй түвшин, зах зээлийн нээлтийн илүү урт шилжилтийн хугацаа, төрийн бодлогын уян хатан байдлыг хадгалах болон техникийн туслалцаа авах зэрэг багтана. Шинэчлэл нь хөгжиж буй орны эдийн засгийн глобалчлалд нэгдэн ороход тулгарах бэрхшээлийг шийдвэрлэж, тэдэнд эдийн засгийн хөгжилд шаардлагатай уян хатан байдал болон бодлогын орон зайг бүрдүүлж өгч, НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн зорилтоо биелүүлэхэд мөн "өмнөд", "хойд" бүсийн хөгжлийн зөрөөг багасгахад туслах хэрэгтэй гэж Хятадын тал үзэж байна.

Гуравдугаарт, ДХБ-ын шинэчлэл нь зөвшилцэн шийдэх механизмыг баримтлах нь зүйтэй. Дүрэм журмыг олон улс нийгэм хамтаар тогтоох ёстой бөгөөд шинэчлэл нь олон талт худалдааны тогтолцооны ирээдүйн хөгжлийн чиглэлийг хамарч, ДХБ-ын өргөн олон гишүүн орнууд харилцан хүндэтгэх, эрх тэгш яриа хэлэлцээ хийх үндсэн дээр зөвшилцөн санал нэгдэх аргаар шинэчлэлийн тухай хэлэлцэх асуудлын сонголт, ажлын цагийн хуваарь болон эцсийн үр дүнг гаргана. Зөвшилцлийн үйл явц нь бүх гишүүн орны тэр дундаа хөгжиж буй гишүүн орны хамтын оролцоог хангах бөгөөд цөөнх гишүүн орнууд шийдвэр гаргах болохгүй мөн жижиг бүлэг тойрог байгуулж болохгүй.

Таван санал санаачилга:

Нэгдүгээрт, ДХБ-ын шинэчлэл нь олон талт худалдааны механизмын гол сувгийн статусийг хамгаалах нь зүйтэй. Хятадын тал гишүүн орнууд шинэ үзэл баримтлал, шинэ илэрхийллээр " ойлголтын орлуулга", "тустаа тулга босгох" хийхийг, олон талт худалдааны тогтолцооны нэр хүнд эрх мэдлийг хутгалдуулах болон үгүйсгэхийг эсэргүүцнэ. Шинэчлэл нь олон талт худалдааны тогтолцоо дэлхийн худалдааны либералчлах хөнгөвчлөх үйл явц дахь гол сувгийн статусыг хамгаалах нь зүйтэй.

Хоёрдугаарт, ДХБ-ын шинэчлэл нь ДХБ оршин тогтноход аюул учруулах чухал асуудлыг нэн тэргүүнд шийдвэрлэх нь зүйтэй. Одоогийн байдлаар зарим гишүүн орнууд давж заалдах байгууллагын сонгон шалгаруулалтын үйл явцыг эхлүүлэхэд саад болж, үндэсний аюулгүй байдлын онцгой зүйл заалтыг (Escape clause ) хэтрүүлэн ашиглан татвар авах арга хэмжээ авч, улсын дотоод хуулийн шалтгаанаар нэг талыг баримталсан үзлийн арга хэмжээг явуулж, олон талт худалдааны тогтолцооны дүрмийн үндсэн сууринд халбаж байна. ДХБ-ын шинэчлэл нь давж заалдах байгууллагын сонгон шалгаруулалтын асуудлыг нэн яаралтай шийдвэрлэж, ДХБ-ын дүрмийг зөрчин нэг талыг баримталсан үзэл болон хамгаалах үзлийг хэрэгжүүлэгсэдэд дэг журмыг хатуу баримтлуулах арга хэмжээ авч, ДХБ-ын бүх талын үйл ажиллагаа хэвийн явагдах баталгааг хангах хэрэгтэй гэж Хятадын тал үзэж байна.

Гуравдугаарт, ДХБ-ын шинэчлэл нь худалдааны дүрэм журмын эрх тэгш, шударга байдлыг хангах асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ шинэ цаг үеийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байх нь зүйтэй. Зарим гишүүн орнууд одоо хэрэгжиж байгаа дүрэм журмын цоорхойг ашиглаж худалдааг хамгаалах үзлийг хэрэгжүүлж байгааг Хятадын тал эсэргүүцэж байна. Уг шинэчлэлээр хөгжингүй гишүүн орнуудын хөдөө аж ахуйн салбарт хэт их нөхөн олговор олгож байгаагаас олон улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаанд үүсээд буй урт хугацааны ноцтой гажуудлыг шийдвэрлэж, худалдааны тусламжийн арга хэмжээг хэтрүүлэн хэрэглэж байгааг, ялангуяа демпингийн эсрэг арга хэмжээний "Орлогч орон" арга нь олон улсын худалдааны ердийн дэг журамд ноцтой саад тотгор учруулж байгааг засаж өөрчлөх нь зүйтэй. Үүний зэрэгцээ, энэхүү шинэчлэл нь ДХБ-ын дүрэм журмыг цаг үетэйгээ нийцэхэд түлхэц болох хэрэгтэй. Жишээ нь 21-р зууны эдийн засгийн үнэн бодит байдлыг харуулсан асуудлууд багтана, үүнд: хөрөнгө оруулалтын хөнгөвчлөл, бичил, жижиг, дунд аж ахуйн нэгж гэх мэт.

Дөрөвдүгээрт, ДХБ-ын шинэчлэл нь хөгжиж буй гишүүн орнуудад зориулсан онцгой бөгөөд ялгаатай тарифын баталгааг хангасан байх хэрэгтэй. Хөгжиж буй гишүүн орнууд нь нийгэм, эдийн засгийн хөгжлийн үе шат, аж үйлдвэрийн бүтэц, өрсөлдөх чадвар, бүс нутгийн хөгжлийн түвшин, боловсрол, соёлын түвшин, нийгмийн хамгааллын систем, олон улсын засаглалд оролцох зэрэг талаараа хөгжингүй гишүүн орнуудаас бүрэн ялгаатай байдаг учраас энгийн эдийн засгийн ерөнхий хэмжээгээр тооцож болохгүй. Зарим гишүүн орнууд ДХБ-ын шинэчлэлийн асуултуудыг ашиглах, тэр ч байтугай хөгжиж буй гишүүн орнуудын онцгой бөгөөд ялгаатай тариф эдлэх эрхийг түдгэлзүүлэхээр зэхэж байгааг Хятадын тал эсэргүүцэж байна. Хятад Улс нь дэлхийн хамгийн том хөгжиж буй орон бөгөөд ДХБ-д өөрийн хөгжлийн түвшин, чадавхад нийцсэн үүргээ хүлээж ажиллахад бэлэн байгаа боловч ямарваа нэгэн гишүүн орон Хятад Улсын зүй ёсны эдлэх эрхтэй хөгжиж буй гишүүн орнуудад зориулсан онцгой бөгөөд ялгаатай тарифыг булааж авахыг хэрхэвч зөвшөөрөхгүй.

Тавдугаарт, ДХБ-ын шинэчлэл нь гишүүн орныхоо өөрсдийн хөгжлийн загварыг нь хүндэтгэх ёстой. Одоогоор, зарим гишүүн орнууд хөгжлийн загварын олон төрлийн шинжийг үгүйсгэж, нэг талаар төрийн өмчит байгууллагууд болон үйлдвэрүүдийн нөхөн олговор зэрэг ердийн хөгжлийн загвар, бодлогын арга хэмжээг буруутгаж, нөгөө төлөөр ердийн шинжлэх ухаан, технологийн шинэ ололт амжилтын солилцоог хязгаарлаж, үнэн хэрэгтээ өөрийнхөө монополь байр сууриа хадгалахыг зорьж, бусад гишүүн орнуудын хөгжлийн орон зайг хязгаарлаж байгааг Хятадын тал эрс эсэргүүцэж байна. Уг шинэчлэлээр зарим гишүүн орнуудын хөрөнгө оруулалтын аюулгүй байдлын хяналт ба монополийн эсрэг хяналтад тодорхой улс орны компаниудын эсрэг ялгаварлан гадуурхалтыг арилгаж, хөгжингүй гишүүн орнуудын экспортын хяналтыг урвуулан ашиглаж буй арга хэмжээ, ердийн техникийн хамтын ажиллагаанд саад учруулж байгаа үйлдлийг залруулах нь зүйтэй. ДХБ-ын шинэчлэлээр дамжуулан төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд тусгай, ялгаварлан гадуурхах шинжтэй журам батлахыг Хятадын тал эсэргүүцэж байгаа бөгөөд бодит үндэслэлгүй шүүмжлэлүүдийг ДХБ-ын шинэчлэлийн хэлэлцэх асуудалд оруулж байгааг ч мөн эсэргүүцэж байна.