Элчин сайд Шэнь Миньжуань Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчтэй уулзлаа

2023-12-19 18:00

12-р сарын 14-нд Элчин сайд Шэнь Миньжуань Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлтэй уулзав.

Элчин сайд Шэнь Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэлд улиран сонгогдсонд нь баяр хүргэж, Монголын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах их үйлсэд Монголын эмэгтэйчүүдийн холбоо урт хугацаанд хүчин зүтгэж ирсэнд талархаж, Монголын эмэгтэйчүүдийн холбоо болон Бүх Хятадын эмэгтэйчүүдийн холбоо хөгжлийн харилцаагаа өргөжүүлж хоёр ард түмний сайн сайхны төлөөх үйл хэргийг БНХАУ-ын Элчин сайдын яам идэвхтэй дэмжиж буйгаа илэрхийлэв.

Б.Оюунгэрэл Хятад улс жендерийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт тал дээр эергээр нөлөөлсөн амжилтыг өндрөөр үнэлж, Хятад улсын үнэтэй туршлагаас суралцан, эмэгтэйчүүдийн хөгжлийн эрхийг хамтдаа хамгаалж, Монгол Хятадын найрамдалд хувь нэмрээ оруулахыг хүсэж байгаагаа илэрхийлэв.